Хүүхдийн хоол

За ээжүүд маань хүүхдээ бор хоолонд яаж оруулах вэ, эхлээд ямар хоол хүнс өгвөл зүгээр бол гээд л бяцхан асуултуудтай тулгардаг шүү дээ.
Хэдийгээр би өөрөө ч шинэхэн ээж боловч фэйсбүүк дээрх хэд хэдэн дажгүй гоё пэйжүүд болоод google гэж асар том хайлтын системээс энэ талаарх мэдээллүүдийг олж авсны үндсэн дээр охиндоо хэрэгтэй шим тэжээлийг агуулсан хоолнуудыг хийж өгч сураад л байна.
Тиймээс энэ сайхан шинэхэн хуримтлуулж буй туршлага, олж мэдсэн зүйлсээсээ та бүхэндээ хуваалцах нь зүйн хэрэг болох болов уу :)

Юуны өмнө хүүхдийг дан хөхөөр хооллодог бол 6 сартайгаас нь нэмэгдэл хоолонд оруулахыг зөвлөдөг. Харин нэмэлт сүүгээр угждаг бол 4 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулж болдог юм билээ.
Миний хувьд сүү багатай байсан учраас охиндоо 5 сартайгаас нь эхлэн Агушагийн будааны каш өгч, нэмэгдэл хоолонд оруулж эхэлсэн.

Тэгээд монгол хүүхдийн хувьд шинэхэн бүрсэн тараг бор хоолонд оруулах эхний тохиромжтой хүнсний нэг тул бага багаар өгч болно.

Мөн будааны шүүс өгч, гэдсэнд нь өнгөр тогтоон, хоолонд дасгадаг. Будааны шүүсийг хэрхэн бэлтгэх талаар та бүхэн фэйсбүүк дээрх Mamana болон Mom of munchkins хуудсыг дагадаг бол харсан байх. Хэрвээ үзэж амжаагүй бол Mom of munchkins хуудсанд оруулсан дараах зөвлөмжийн дагуу бэлтгээд үзээрэй.
Будааны шүүс бэлтгэх:
Хүүхдүүд маань маш бага хэмжээний шүүс хэрэглэх тул 1-2 том халбага будаа байхад хангалттай байдаг. Будаагаа халуун бүлээн усаар зайлж угаана.
Угаасан будаагаа 2 аяга усанд буцалгана. Халуун гал дээр буцлангуут нь галаа зөөллөж цааш үргэлжлүүлэн 10 минут орчим буцалгана. Аяндаа будаа нь болж ус нь зунгааралдсан өтгөндүү шүүс болно. Будааг нь үлдээж шүүсийг нь шүүж аваад хүүхэддээ өгнө. Эхний өдөр 3 халбага байхад хангалттай. Хүүхэддээ их хэмжээний шүүс (хоол) өгөх гэж яарсны хэрэггүй. Мэдээж хоол халбагадаж өгөх мэдрэмж маань маш гоё санагдаж идээд байхаар нь өгмөөр санагдана. Хүүхэд хооллоход бас тодорхой хэмжээний тэвчээр хэрэгтэй болноо.
Дараагийн өдөр өгөх хэмжээгэээ 5, 8 халбага гэх мэт ихэсгэнэ. 3-7 өдөр өгвөл тохиромжтой.
Будааны зутан бэлтгэх:
Өмнөхтэй адилхан будаагаа угаагаад ижил хэмжээний усанд буцалгана. Будаа нь болоод ус нь өтгөрөөд ирэхээр нь авч бага зэрэг хөргөөд будаатай шүүсээ тэр чигт нь блендэрт хийж будааны нухаш болгоно. Будааны шүүсийг хэд хоног өгсний дараа будааны зутан өгвөл тохиромжтой байдаг. Хэтэрхий өтгөн хийвэл хүүхдэд идэхэд төвөгтэй байдаг. Учир нь нялх хүүхэд нь залгиж идэх чадвар сайн хөгжөөгүй байдаг тул хахаж эсвэл ихэнхийг нь асгах болно. Тиймээс эхний өдрүүдэд 3-7 халбага, тэгээд аль болох шингэн хийж өгөх хэрэгтэй. Зутангаа яваандаа арай өтгөн хийж хүүхдийг идэхэд нь дасаж сургана.
Эх сурвалж: Mom of munchkins пэйж.

Comments

Popular posts from this blog