Хүүхэд ширэглэх зан үйл
Цастай өдрийн мэнд хүргэе ээ.
Өнөөдөр би та
бүхэндээ зориулж, хүүхэд ширэглэх зан үйлийг орууллаа. Ер нь л нялх хүүхэд шинэ
харсан, сонссон зүйлс, чанга дуу чимээ, содон сонин хүн, амьтан харахаараа
унтахгүй уйлаад эсвэл ганцаараа удаан хэвтэхгүй авахуулах гээд байдаг. Тийм үед
хүүхэд хөслөө гэж ахмадууд маань ширгэлж, домнодог билээ.
Хэдийгээр аав
ээж, эмээ өвөө нар мэддэг, хайлтын системээс
ч олж болох мэдээлэл боловч тэр бүр хайлт хийж суух боломжгүй байдаг
учир энэхүү мэдээллийг хадгалаад ч юм уу, ss
хийгээд авбал нялх хүүхэдтэй ээжүүдэд маань хэрэг болох болов уу.
1.
Тугалгаар ширгэлэх
Хүүхдийн нүдэнд сэв суусан гэж үзээд ус /рашаан/-нд
сэвийг нь шингээж авдаг. Тугалга
хайлуулж рашаанд хийхдээ:
Мэлмийн
хар нь рашаандаа
Мэддэг сэв
нь усандаа
Хар буруу
нь рашаандаа
Хамаг
бузар нь сэвэндээ гэж домнон хэлдэг. Үүний дараа тугалгыг
рашаанд хийхэд хүүхдийн айсан, цочсон зүйлийнх нь дүрс гарах ба ингэснээр сэвийг
нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг. Тэр сэвийг нь бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж хар
мууг дарлаа гэж нүдэн дээр нь хугачин үзүүлэх бөгөөд рашааныг нь босгоны шороо
нэг чимхийг хийгээд зүүн хойд зүгрүү гарч:
Жам
ёсоороо хүн болж төртүгэй
Жаргал зовлон хоёрыг тэнслэн,
тэнслэн амьдартугай
Энэ биеэ
застугай
Ирэх
ерөөлийг хүсье гээд цацдаг байна.
2.
Лааны тосоор ширгэлэх
Аягатай усанд лааны
тосыг дусаахад хүүхдийн айж, цочсон зүйлийнх нь дүрс гарч, царцдаг байна.
Ийнхүү ширгэлэхдээ сосорбарам бурханы зүрхэн тарни “сосорбарамаалаа чанцаало, ум
ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай
усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн
хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
3.
Давсаар ширгэлэх
Ер нь бол гал руу давс хийхийг цээрлэдэг боловч гэрийн энерги сэргээх,
хүүхэд айж хөлссөн үед асч
байгаа гал, цог дээр давс цацаж “пис пис” гэсэн дуу
гарах үед
нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр
нар зөв эргүүлэн “ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг”
/гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы
тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван
удаа үлээж уншдаг байна.
За тэгээд ээж аавууд маань бүгд л бор туулай болгох домыг мэддэг байх аа.
Харанхуй
шөнө элдэв дүртэнг ажихвий хэмээн эмээж бор халзан туулайг хийдэг ажээ. Балчир үрийн галны заадсыг авахуулаад хамрын үзүүр хүртэл хар
хөөгөөр зураас татан “сүнсэн бие нь бэхжихээс өмнө сүүдэр
бүхнийг бүү хартугай. Эрхэм бие нь бэхжихээс өмнө элдэв мууг бүү хартугай”
гэж хоёр шивнээд гуравдах дээр нь зулайн дээр нь үнсээд
хөө тортогийг зурна.
Ингээд харуй бүрийгээр хүүхдээ авч явах гэж байгаа бол өлгийнийх нь бүсэнд гурван ширхэг явуу хийн:
Хар лусын хаздаг
цагааны шид
Хонгор үрийн бүслүүр
зангилаа
Хөх лусын хаздаг
цагаан шид
Хөөрхөн үрийн бүслүүр уяа
Улаан лусын хаздаг
цагаан
Ураг төрлийн минь
бүслүүр хамгаалалт гэж гурвантаа хэлээд үрийн өлгийнд явууг зэхэн тогтоож харуй
бүрийгээр балчир үрсийг авч явна. Энэ домыг хэрэв хийхгүй бол балчир үрсэд ямар
аюул байх талаар үрсийн мэлмий хүчирхэгээр хардаг учир айж мэлмий сэвтэж ухаанд
нь сэв суун, энэ ужиг нь өсвөр насанд нь илэрч авир муутай, элдэв
муу уршигтай үр болно гэж цээрлэдэг юм байна. Энэхүү домыг төрснөөс хойш гурван нас хүртэл хийхэд зохимжтой.
Мөн хүүхэд чинь шөнө уйлж
цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын
чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч
мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулуу хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал
арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
Comments
Post a Comment